ИРГЭН ӨМЧТЭЙ БОЛОХОД ХҮРГЭХ ТУС

Хувийн өмчтэй байхыг үл зөвшөөрдөг байсан социалист нийгмийн үе түүх болж,   иргэд  шударгаар, төрийн хуулийн зохицуулалтаар өмчтэй болох боломж 1992 оны шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн удаа тохиосон билээ. Тухайлбал, эхнийх нь 1990-ээд оны эхээр цэнхэр, ягаан тасалбар болох хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаат компанийн хувьцааг иргэн бүр авах боломж бүрдүүлсэн засаг төрийн шийдвэр байлаа. Энэ үед 447 мянган иргэн цэнхэр, ягаан тасалбараар хувьцаат компанийн хувьцаа авсан гэдэг. Зах зээлийн эдийн засгийн харилцааг таниж мэдээгүй, учрыг олж хувийн өмчтэй болох ойлголтгүй, мөн иргэддээ хүргэх мэдээлэл дутмаг зэргээс шалтгаалан зарим нь тухайн эрхийн бичгээ үнэ цэнэгүй болгоод үгүй хийсэн гашуун түүх бий. Эрхийн бичгээ тэр үед хэрэгтэй байдлаар ашиглаж ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, эсвэл бизнесийн гарааны эхлэл болгон  өмчтэй болсон иргэд  дээрх тоогоор хэмжигдэх бөгөөд бусад иргэд боломж байсан ч хоосон хоцорсон гэсэн үг л дээ.  Бидний хайхрамжгүй бүдүүн тоймын сэтгэлгээ, хувийн өмчтэй байх боломж хязгаартай байсан орчин өөрчлөгдсөнийг анзаарахгүй өнгөрсөн бодит үнэн л энэ юм.


Юу чухам өөрчлөгдөж байгааг анзаарсан, эсвэл хувийн өмчтэй байхыг ойлгосон хэсэг нь  магадгүй өмчтэй болж зах зээлийн шуурганд ядууралд өртөхгүй өдийг хүрсэн бизээ. Дараагийн боломж нь  Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэсний дагуу Монгол Улсын Их Хурлаас 2009 оны  арваннэгдүгээр сард баталсан Хүний хөгжлийн сангийн тухай хуулиар нээгдсэн билээ. Өөрөөр хэлбэл,  Хүний хөгжлийн санг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдүүлж иргэдэд хувь хишиг хүртээхээр шийдвэрлэжээ.  “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” Засгийн газрын 2010 оны гуравдугаар тогтоолоор батлагдаж, мөн ондоо шинэчлэгдсэн байна.

Энэ журам нь дээр дурдсан мөнгийг бэлнээр олгох уу, хувьцаа хэлбэрээр өгөх үү гэдгийг зохицуулжээ. Одоогоор 300 мянгаад иргэн бэлэн мөнгө хэлбэрээр тухайн хувь, хишгийг хүртсэн боловч “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг авах эрх үүссэн  бусад иргэд  өмчтэй болох хоёр дахь боломжоо хир анхаарч, хөөцөлдөж байгаа нь бас оньсого мэт байна. Уг нь тухайн иргэнд эцэг эх нь өвлөж, өмч хөрөнгөтэй, эдийн засгийн хувьд хараат бус байдалтай болгож  байгаа мэт энэ боломжийг иргэд маань алдахгүй баймаар. Засаг төр ч амлалтаа биелүүлмээр цаг үе тохиож байна. Хичнээн иргэн дээрх хувьцаа “миний өөрийн өмч” гэдгийг анзаарч байгаа юм болдоо. Үнэт цаасны зах зээл хөгжил, төлөвшлөө олж байгаа энэ цаг үед үнэт цаас болон түүний арилжаа, ашиг орлогын талаар мэдлэг мэдээлэл хир хүртээмжтэй байгаа нь ч тодорхой бус байна.   Ер нь аливаа хууль шийдвэрийг хүнд, иргэнд хүргэх зөв тогтолцоо бидэнд дутагдалтай, түүнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэх албан хаагчдын мэргэшсэн байдал алдагддагаас гарсан шийдвэр шоу тоглолт болоод өнгөрөх тохиолдол их байна. Иргэдийн эрх зүйн ухамсар, боловсролд анхаарал хандуулах цаг аль хэдий нь болжээ. Энэ нь бүх иргэдийг хуульч болгох тухай асуудал биш бөгөөд иргэн хүн ядаж л гарч буй хууль өөрт нь үнэ төлбөргүй өмчийг бий болгож байгааг ойлгож мэдрэх сөхөөтэй болгох тухай л асуудал юм.  Хувьцаа эзэмшигч боломжтой үед хувьцааны ханшаар орлогоо өсгөж болдийг зааж өгсөн ч болно шүү дээ.

Иргэн  өмчтэй болох гуравдах эрх зүйн боломж нь Газрын тухай хуулиар нээгдсэн юм.  2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” хэмээн 1992 оны шинэ Үндсэн хуульд заасан боломжийг бататгасан юм. Мөн онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд 2008 онд өөрчлөлт орж, Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр заасан билээ.  Өмнө нь гэр бүлийн гишүүд хамтдаа тухайн газраа өмчилдөг байсан бол энэ өөрчлөлтөөр иргэн бүр  нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхтэй болсон юм.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил зориулалтаас хамааран нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 хүртэл га, сумын төв, тосгонд  0.5 хүртэл га, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт  /сумын төвөөс бусад/ 0.07 хүртэл га байхаар тогтоосон байна. Иргэн нь хот, тосгон бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газрыг өмчилж болно. 2008 оны өөрчлөлтөөс өмнө гэр бүлийн гишүүд хамтдаа хашааны газраа өмчилж байсан бол одоо нэг хүндээ шилжүүлж, бусад нь шинээр газар өмчлөх боломжтой болсныг иргэд анхаарахгүй өмнө нь газраа өмчилсэн хэмээн ойлгох тохиолдол байна.

Гэрэл зураг: medee.mn

Удаа дараагийн судалгаануудаас харахад улсын хэмжээнд нийт иргэдийн 11.8 хувь, нийслэлийн иргэдийн 8 хувь нь л газраа өмчилж, эдийн засгийн хараат бус байдлаа баталгаажуулжээ. Эндээс харвал иргэд өмчтэй болох боломжоо өмнөх  хоёр тохиолдолтой адил анзаарахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.  Нийслэл Улаанбаатарт одоо нэгдүгээрт, эзэмших гэрчилгээтэй болон гэрчилгээгүй өөрийн амьдарч байгаа хашааны газраа дүүргийн газрын албанд өргөдөл гарган өмчилж авч болно, хоёрдугаарт, зуслангийн газраа хэн нэгнийхээ нэр дээр өмчлөн авах өргөдлөө дүүргийнхээ газрын албанд гаргаж, зохих шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар өмчилж болно, гуравдугаарт, НИТХ-аас өнгөрсөн онд гаргасан шийдвэрийн дагуу гэр бүл, ахуйн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 7 дүүргийн 52 байршилд цахим хэлбэрээр өргөдлөө өгч газар өмчилж болно.

Иргэд маань газрыг өмчлөх түүнчлэн эзэмших, ашиглах харилцааны хууль зүйн үр дагаврыг сайн ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Иргэдээ өмчтэй болход нь туслалцаа үзүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсэд хэрхэн цахимаар өргөдөл гаргаж газар өмчлөн авч болох мэдээллийг түгээх ажлыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр гуравдугаар сараас эхлэн хийж байна. Энэ хугацаанд сонгогдсон 52 байршилд иргэдэд шинээр газар өмчлүүлэх газруудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, тухайн байршилд газар өмчлүүлэх шинэ журам боловсрогдон гаргах процесс удааширч байгаагаас  иргэдийн хүлээлт бий болоод байна. Цахим хэлбэрээр газар өмчлөх өргөдөл хүлээн авах болсон нь авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд цахимаар газар өмчлөх өргөдлөө гаргах боломжтой болж,  дүүргийн газрын албан дээр дараалал үүсч, хүндрэл учирдаг байсныг арилгах, иргэд газраа сонгож буугаад дараа нь бичиг баримт хөөцөлддөг буруу зуршлыг арилгах, газар өмчлөлийн асуудлыг эмх цэгц, дэг журамд оруулж байгаагаараа ач холбогдолтой юм.

Газар өмчлөх өргөдлийг цахимаар авах тохиолдолд тодорхой тооны хүнд өмчлүүлэх газар дээр тэр тооноос олон хүний өргөдлийг авч сонгогдсон хүмүүс нь өмчлөх эрхээ баталгаажуулана. Өөрөөр хэлбэл бүртгэх, сонгох ажлыг тусгайлсан программын дагуу компьютер гүйцэтгэнэ. Интернет орж мэдэхгүй,  комьютер хэрэглэж үзээгүй хүмүүсийн хувьд бэрхшээл үүсэх бөгөөд тийм бэрхшээл үүсч болох хүмүүст урьдчилан сургалт хийж эрхийг нь хангах боломжийг бүрдүүлэхэд төрийн байгууллага анхаарах шаардлагатай байна.  ТҮЦ машины тоог олшруулах, түүн дээр ажиллах иргэдийг сургаж дадлагажуулах шаардлага хамгаас чухал боллоо. Хороодод байгаа иргэний танхимаар дамжуулан иргэдийг удрьдчилан мэдээлэлтэй болгож, цахимаар газар өмчлөх өргөдлөө гаргах сургалт, дадлага хийлгэх хэрэгтэй юм. Энэ боломжийг ядуу, нэн ядуу иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэдээлэлгүй байгаа иргэд хүртэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хөрөнгийн хуваарилалтад иргэд тэгш эрхтэй оролцох нөхцлийг бүрдүүлж, иргэн нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авахад нь бодитой туслалцаа хэрэгтэй. Хэдийгээр иргэд сайн дурын үндсэн дээр  газар өмчлөх эрхээ  хэрэгжүүлэх ёстой боловч зах зээлийн эдийн засаг хөгжиж буй үед өмчтэй болох боломжид нь тус болох мэдээлэл хамгаас чухал юм. 

В. Удвал /Төслийн зохицуулагч, чөлөөт судлаач/      

Кадастрын зургийн үйлчилгээ: Шинээр мэдээллийн санд оруулж, бүртгэх

Бүрдүүлэх баримт бичиг:
(ГХГЗЗГ-ын даргын 2005 оны 38-р тушаал)
Нийслэлийн газрын албаны даргын "Нийслэлийн газрын албаны мэдээллийн сан, архив дахь мэдээллийн нууцлал, тэдгээрийг хамгаалах журам" 2004 он

  1. Газрын гэрчилгээний хуулбар буюу дүүргийн Засаг даргын захирамж
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Хорооны засаг даргын хаягийн тодорхойлолт (маягтаар)
  4. Кадастрын зураглал хийх эрх бүхий этгээдээр хийлгэсэн тухайн газрын кадастрын зураг

Асуудал шийдвэрлэх хугацаа: 7-14 хоногийн дотор

Үйлчилгээний хөлс (төгрөгөөр):
  1. Иргэний үнэмлэхний хуулбар (тарифаар)
  2. Газрын гэрчилгээний хуулбар (тарифаар)
  3. Кадастрын зураг хийлгэх үнэ 35'000 - 50'000
  4. Хорооны засаг даргын тодорхойлолт 200
  5. Кадастрын зургийн үнэ 2500

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ