1992 оны шинэ Үндсэн хуулиар эдийн ба эдийн бус баялаг эзэмшигчийн эрх, түүний дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн харилцааг хуулиар хамгаалах үндсийг тодорхойлсон билээ. Тухайлбал, шинэ Үндсэн хуулиас өмнө “өмч” хэмээх ойлголтыг нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит зүйл гэж төсөөлж хуульчилдаг байсан бол 1992 оны Үндсэн хуулиар нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлээс гадна эдийн харилцаа өмч юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
1990-ээд оны эхэн үед бид өмч хувьчлалын асуудалд бодит өмчийн сэтгэлгээгээр хандаж, тухайн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөж зах зээлд өрсөлдөх ямарч мэдлэггүй боловч том объектыг худалдан болон “бусад аргаар” хувьчилж авбал баян болно гэсэн сэтгэлгээгээр социализмын үед байсан бүх үйлдвэрүүдээ бусниулсан билээ. Өмч хувьд очсон нь сайн хэрэг боловч олон зуун мянган ажилчид ажилгүй болж ядууран, хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбарууд бүгд хаалгаа барьсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тухай бидний мэдлэг хичнээн “андуу ташаа” байсныг харуулж билээ. Тэрхүү үйлдвэрийн объект нь ашиг өгөхөөс илүү ур чадвар бүхий ажилчид нь баялаг бүтээж, түүнийг удирдах менежментийн харилцаа өмчийг бий болгон аривжуулдаг гэдгийг одоо ч дутуу үнэлсээр байна. Ер нь үл хөдлөх эд хөрөнгө гэж юу вэ? Эрх зүйн шинжлэх ухаанд “газар болон түүнтэй салшгүй холбоотой, устгах буюу зориулалтыг нь өөрчлөхгүйгээр шилжүүлэн байршуулах боломжгүй барилга, байгууламж”-ийг үл хөдлөх хөрөнгө гэдэг байна.
Суурин соёл иргэншилтэй хүмүүсийн эрхлэх аж ахуй нь газар тариалан, үйлдвэр, уурхай, тэдгээр нь газартай салшгүй холбоотой. Монголчууд эрхлэж буй аж ахуйгаа үр ашигтай байлгах гэж билчээр хөөн амьдардаг. Бас сонирхолтой нь уурхайгаас газрын баялгийг ухаад дуусгадаг. Мал сүрэг билчээр сайтай л бол өсөж үрждэг, эдийн засгийн үр ашиг өндөртэй. Эндээс л суурин болон нүүдлийн соёл иргэншлийн ялгаатай соёл харагддаг юм. Монголын эдийн засгийн үндэс болох мал сүрэг, түүнийг эдийн засгийн үр ашигтай байлгах билчээрийн газартай холбоотой асуудлууд бидний өрнөдөөс ялгагдах соёлын ялгааг харуулдаг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-д байгаа “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиуд батлагдан мөрдөгдөж байна.
Монгол улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хот суурин газар, газар өмчлөх боломжтой. Хэдийгээр 10 гаруй жилийн өмнөөс Монгол Улсын иргэд гэр бүлээрээ болон 2008 оноос иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон боловч газар өмчлөлийн эдийн засгийн харилцааг тэр бүр ойшоохгүй, газрын харилцаатай холбоотой бүтэц, зохион байгуулалт оновчтой биш байгаагаас энэ ажил нилээд удаашралтай байна. 2013 оны 10 дугаар сард АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын Засаглал ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хараат бус судалгааны төвийн хэрэгжүүлсэн “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлангаас үзвэл нийт иргэдийн зөвхөн 11.8 хувь нь л газраа өмчилж авчээ. Өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах сэтгэлгээ бас л биднээс хол хөндий хэвээр байна. Өмчлөлийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад туслах төрийн үйлчилгээ ч тодорхой бус байгаагаас нэгэнт хувьчилж авсан газраа алдахаас бүгд л айдаг байна. Уг нь өмчилж авсан газраа өв залгамжилж, барьцаалж, түрээсэлж, худалдаж болохыг л эдийн засгийн эргэлтэд оруулж байна гэж үздэг төдийгүй түүнийг хөрөнгийн эрхээр дамжуулан хэрэгжүүлдэг.
Дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш арван жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн 8 орчим хувь нь л өөрийн нэр дээр газраа өмчилж авсан байна. НИТХ-аас өнгөрсөн 2013 онд гарсан шийдвэрийн дагуу гэр бүл, ахуйн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 7 дүүргийн 52 байршлын 15309 га газрыг нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон байна. Уг тогтоолын дагуу нийслэлийн 164620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх ажээ. Энэхүү ажлыг зохион байгуулахдаа цахим хэлбэрээр, ТҮЦ машинаар өргөдлийг хүлээн авч газар өмчлөхөд төрийн албан хаагчдын оролцоог багасгах улс төрийн шийдэлд бас хүрсэн байна. Мөн 4 дүгээр сарын 1-ээс уг ажлыг эхлэхээр болсон нь иргэдэд багагүй хүлээлт үүсгэснийг www.umch.ub.gov.mn цахим хуудсанд үлдээсэн иргэдийн сэтгэгдэлээс харж болох юм. Тиймээс уг хугацааг хойшлуулж, бэлтгэл ажлыг хангах шийдвэр саяхан гарлаа.
Иргэд маань урт хугацаатай баталгаатай хөрөнгийн эрхтэй байх нь тэдэнд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж олгоно. Юуны өмнө хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог сайжруулсанаар хөрөнгийн худалдаа, борлуулалт бусад үйл ажиллагааг баримтжуулан хөрөнгийн эрхийн баталгааг бий болгоно. Газар өмчлөл албан ёсны болоход хөрөнгийн эрхийн бүртгэл чухал ач холбогдолтой төдийгүй газар өмчлөхөд тэгш оролцоог хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөрөнгийн эрхийн бүртгэлийн байдлыг харах боломжийг бий болгодог байна.
Дээр дурдсан Хараат бус судалгааны төвийн хэрэгжүүлсэн “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны дүнгээс харвал газраа өмчлөн авч буй иргэд газар өмчлөх шийдвэрийг эрх бүхий байгууллагаас аваад хөрөнгийн эрхийн бүртгэлээ хийлгэхгүй байх тохиолдол их байна. Бас газар өмчилж авах нь иргэдийн амьжиргааны түвшин, газар өмчлөлийн талаар олж авч буй мэдээлэлтэй нь шууд хамааралтай байна. Манай орны хувьд гэр бүлийн өмчийн харилцаа болон хөрөнгийн зах зээл сул хөгжсөнтэй холбоотойгоор иргэдийн өмчилсөн газар сонгодог утгаараа зах зээлийн эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа төдийгүй иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эдийн засгийн өгөөж ашгийг ойлгохгүй хүндрэлүүд бий болж байна. Газрын үнэлгээ нэг мөр тодорхой хийгдээгүй, хотын аль зэрэглэлийн бүсэд байгаагаас хамааруулан газрын нэгдсэн үнэлгээг тогтоож өгөөгүйгээс газрын үнэ цэнийг ойлгох ойлголт бага байна. Харин мэдээлэлтэй байгаа төрийн албан хаагчийн хувьд байдал өөр бөгөөд “газрын наймаа” гэх хэлц үг бодит утгаа алдахгүй байна.
Иргэд газар өмчилж авах талаарх мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийн ойлголт мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа нь иргэд газар өмчлөлийн асуудалд ач холбогдол өгөхгүй, газар өмчилж авахад идэвхигүй хандаж байгаагаар илэрч байна. Иймээс АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Ил тод байдлыг дэмжих иргэний нийгмийн түншлэл”-ийн хүрээнд газар өмчлөлийн талаар иргэдэд хүргэж буй мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бэлтгэж хүргэх, тайлбарлан таниулах ажлыг нийгмийн эмзэг ядуу, боловсрол багатай хүмүүс болон бусад тодорхой зорилтот бүлгүүдэд зориулан сургалт явуулах, газрын харилцаатай холбоотой байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд “Иргэдийн газар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах нь” бичил төсөл 3 дугаар сарын 3-аас 6 дугаар сарын 30-ийг дуустал хэрэгжиж байна.
Иргэд газар өмчилж авсанаар үл хөдлөх хөрөнгөтэй болж, орлогоо нэмэгдүүлэн, амьдралаа сайжруулахад тухайн төсөл бага боловч нөлөөлж, иргэдэд тодорхой мэдлэг мэдээлэл өгөх боломжтой юм. Энэ хүрээнд газар үл хөдлөх хөрөнгийг хэрхэн өмчилж авах, эзэмших, захиран зарцуулах, үр ашгийгамьдралаа дээшлүүлэхэд хэрхэн ашиглах аргачлал бүхий мэдээлэл өгөх, энэ талаарх хуулийн зүйл заалтыг мэдэх, зөв ойлгож ухаарах мэдээлэл, мэдлэг олгох, газар өмчлөх эрхээ баталгаажуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлж чадсан иргэдийн амжилт сургамжийг бусдад түгээх ажлуудыг хийнэ. Эдгээр нь газар өмчлөлийн талаарх иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, сэтгэлггээ хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
В. Удвал-Төслийн зохицуулагч, чөлөөт судлаач
No comments:
Post a Comment